Д.Должинмаа: Кастодиан банкны үйлчилгээ үнэт цаасны зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргана

– БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИЙН ЗӨВЛӨХ ГИШҮҮН Д.ДОЛЖИНМАА-

-Та хөрөнгө оруулалтын санг судалдаг хүний хувьд хөрөнгө оруулалтын сан ба кастодиан банкны холбоо хамаарлыг тайлбарлаж өгөөч?

-Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь банкны адил бусдаас хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийгээ өндөр мэргэшсэн сангийн менежерүүдээр удирдуулж, хөрөнгө оруулагч нарт өгөөж хүртээдэг санхүүгийн байгууллага юм.

Хөрөнгө оруулалтын сангийн нэг чухал онцлог нь сангийн хөрөнгийг удирдаж байгаа менежерүүдэд нь шууд өгдөггүй, харин сангаас тусдаа бие даасан, итгэмжлэгдсэн байгууллагад байршуулж, давхар хянаж хамгаалуулдаг.

Тэрхүү хөрөнгийг хадгалдаг санхүүгийн байгууллагыг Кастодиан банк гэж нэрлээд байгаа юм. Олон улсын жишгээр хөрөнгө оруулалтын сан нь Менежментийн компани, Кастодиан, Удирдлага зохицуулалт гэсэн 3 өөр төрлийн үүрэг бүхий байгууллагуудтай заавал харилцдаг. Монголын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар удирдлага зохицуулалтын үүргийг хөрөнгө оруулалтын менежментийн компани болон Кастодиан банкууд хувааж хариуцахаар хуульчилсан. Тэгэхээр Кастодиан банкууд хөрөнгө оруулалтын сангийн хөгжилд маш чухал үүрэгтэй болж байгаа юм.

 

-Хөрөнгө оруулалтын санд үзүүлэх кастодиан банкны үйлчилгээг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Хөрөнгө оруулалтын сан нь эхлээд өөрийн гаргаж буй сангийн нэгж эрхийг Кастодиан банкинд бүртгүүлэн хадгалуулж, сангийн нэгдсэн бүртгэлээ хийлгэнэ.

Улмаар санд үйлчилж буй Кастодиан банк нь тухайн санд хөрөнгө оруулсан хувь хүн, байгууллагуудын эзэмшиж буй нэгж эрхийг тухайлан бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг хийж, эзэмших эрхийг баталгаажуулж өгнө.

Өөрөөр хэлбэл Кастодиан банк нь хөрөнгө оруулалтын сангийн худалдаж авсан үнэт цаас, бусад хөрөнгийн гэрчилгээг найдвартай хадгалж, өмчлөх эрхийг нь баталгаажуулж байх гол үүрэгтэй. Харин сангийн татан төвлөрүүлсэн хөрөнгийг чухам юунд оруулахыг хөрөнгө оруулалтын менежментийн компани шийдэж ажиллах юм. Санд хөрөнгө оруулагчийг татан оруулах, тэдэнд хөрөнгө оруулалтын сангийн бодлого, төлөвлөгөөг таниулж ойлгуулах ажлыг сангийн менежментийн компани хийдэг бөгөөд шаардлагатай үед Кастодиан банкаар дамжуулан банкны нийт харилцагчдад хүрч үйлчлэх боломжтой.

-Кастодиан банк бүхий үнэт цаасны зах зээлийн давуу тал юу вэ?

Кастодиан банк болон Хөрөнгө оруулалтын сангууд нь санхүүгийн салбарт итгэлцлийн цоо шинэ хэлбэрийг бий болгодог.

Эдгээр байгууллагын оршин тогтнох гол үндэс суурь нь итгэлцлийн гэрээ байдаг. Тиймдээ ч эдгээр байгууллагууд хууль эрх зүйн найдвартай орчин, нөхцөл, зохицуулалт, дэд бүтцийн орчин бүрдсэн эсэхийг харж байж үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Ийм орчин байхгүй бол банкууд ч, гадаадын хөрөнгө оруулагчид ч тухайн зах зээлд оролцож, бизнес хийхийг, хөрөнгөө оруулахыг хүсэхгүй. Хөрөнгө оруулагчид чинь найдвартай, баталгаатай орчныг эрэлхийлж байдаг шүү дээ.

Кастодиан банк нь өөрийн харилцагчид буюу хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн итгэмжлэлээр хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниудын дотоод засаглалын үйл ажиллагаанд оролцох, харилцагчдыг төлөөлөн эрхийг нь хамгаалах үүрэг гүйцэтгэж болдог. Мөн харилцагчдаа цаг үеийн мэдээллээр хангаж, зөвлөж, анхааруулж, сануулдаг. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдэд илүү ач холбогдолтой юм.

-Та банк санхүүгийн салбарын хөгжлийн өнөөгийн байдлыг дотор нь ажилладаг мэргэжлийн хүний хувьд хэрхэн үнэлэх вэ?

-Манай улсын санхүүгийн салбарын тогтолцоо иж бүрэн бус, өрөөсгөл явж ирсэн.

Зах зээлийн эдийн засагтай улс оронд зайлшгүй байх ёстой санхүүгийн дэд бүтэц гэж байдаг. Энэ бүтэц дутуу байснаас болж гажуудал үүсч, эдийн засаг хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэрээр дутагдаж байсан байна. Санхүү мөнгөний чөлөөт урсгалыг хангах юм бол эдийн засаг, бизнес өөрийн жамаараа хөгждөг. Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбараа иж бүрэн, тогтвортой болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн чармайн ажиллаж байна. Энэ талаар манай Банк Санхүүгийн Академи СЗХ, Банкууд, Даатгалын болон салбарын бусад байгууллагууд, гадаад, дотоодын зөвлөх, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, олон санаачилга гарган тодорхой үр дүнд хүрсэн.

Бид санхүүгийн салбарын хөгжлийн асуудлаар ойлголцлыг нэгдүүлж, салбарын оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чиглэлд голлон анхаарч ажиллаж байна.

SOURCE: http://ikon.mn/n/k9m

2015/09/23